Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа, хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны нээлт Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Энхбат, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийгмийн ажилтнууд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, өсвөр үеийнхний цахим орчны зөв хэрэглээг төлөвшүүлэхэд хамтын оролцооны ач холбогдлыг онцоллоо.



Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг хамруулсан нөлөөллийн цогц үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд сурагчдын оролцоонд тулгуурласан хэлэлцүүлэг, парад алхаа, сошиал хөдөлгөөн, уралдаан тэмцээн зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

