Skip to main content

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМ ДУНДГОВЬ” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим Дундговь” арга хэмжээг зохион байгуулж байна.

Нээлтэд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Дундговь аймгийн Засаг даргын зөвлөх Б.Лхагвабаатар болон удирдлага, албаны төлөөлөл оролцлоо.

Дундговь аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн дэвшлийг орон нутгийн хөгжилд нэвтрүүлэх чиглэлээр бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, аймгийн Цахим бодлогын хороог 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулж, “Цахим аймаг” хөтөлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан нь орон нутгийн цахим шилжилтийг бодлогын нэгдсэн удирдлагаар хангах чухал алхам болсон юм.

Цахим шилжилтийн бодлогыг орон нутгийн хөгжлийн зорилт, иргэдийн бодит хэрэгцээтэй уялдуулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай иргэн бүрд хүргэх “Цахим Дундговь” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчид, иргэд, ахмад, хүүхэд залуучууд, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтын арга хэмжээг зохион байгуулж байна.

Эдгээр үйл ажиллагаа нь төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, иргэдийн цахим ур чадварыг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.