Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь өнөөдөр “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Ингэснээр талууд хоёр жилийн хугацаанд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд олон нийтийн цахим мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Мөн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийн оролцоонд түшиглэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, цахим орчны сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, ойлголтыг өргөн хүрээнд түгээн сурталчлахаас гадна “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн хөтөлбөрөөр дамжуулан зорилтот аймаг, дүүрэг, сумдад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжиж буй санал, санаачилгыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээтэй холбох боломжийг хамтран судалж, дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд:
– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
– Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа
– Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр
– Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа
– “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг
– Хүүхэд хамгааллын компакт төслийн захирал Б.Цогбаяр
– Үйл ажиллагаа, нөлөөллийн менежер С.Санчирмаа нар оролцлоо.

