Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн боломжийг бий болгох, баялаг бүтээх, инновацийг дэмжих зорилгоор төрийн өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр ашиглуулах “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал” бол Opendata.gov.mn юм.

Энэхүү нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал Opendata.gov.mn- ыг шинэчлэх, хэрэглээ, ашиглалт, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Софтвер Консалтинг Сервис” ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд төрийн нээлттэй өгөгдлийн хамтарсан төсөл боловсруулах, арга хэмжээ сургалт зохион байгуулах, судалгаа хийх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд төрийн үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэхэд ахиц гаргахыг зорин ажиллах юм.

Уулзалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, тус газрын мэргэжилтнүүд болон “Софтвер Консалтинг Сервис”ХХК -ийн Гүйцэтгэх захирал Ю.Буд албаны төлөөлөл оролцлоо.
