Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ХУРДАН” ЦЭГИЙГ СУМД, ХОРООДОД БАЙГУУЛНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд өнөөдөр (2023.11.01) Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, холбогдох албаныхантай болон Төрийн албаны зөвлөл, аймаг, дүүргийн удирдлагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар байгууллагынхаа үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх саналыг танилцуулж, хэлэлцлээ.

ТЦҮЗГ-ын “ХУРДАН” цэг нь иргэдэд төрийн үйлчилгээг авахад хаанаас ч ойрхон, хурдан хялбар хүргэхийг зорьж байна.

Энэ хүрээнд Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугарын өгсөн чиглэлийн дагуу сумд болон хороодод дээрх цэгийг байгуулах, тэдгээр цэгт ажиллах хүний нөөцийн асуудлыг хэлэлцэв.

“ХУРДАН” цэг нь сумд, хороодод байгуулагдсанаар төрийн үйлчилгээ хүргэхийн тулд том байр барьж, олон ажилтан ажиллаж, үйлчлүүлэхээр ирсэн иргэнийг цонхноос цонх хооронд гүйлгэх, төрөл бүрийн төлбөр тушаалгах, гарын үсэг зуруулах, тамга даруулахаар олон удаа явуулдаг байсныг халж, аймгийн төв, дүүргийг зорихгүйгээр өөрт хамгийн ойр цэгээс шаардлагатай бүх үйлчилгээг авдаг болох юм.

Төрийн үйлчилгээг операторын системээр иргэдэд хүргэхэд орон тоог тэлэхгүйгээр оновчтой, цомхон, чадварлаг байлгах бодлогыг баримтлан хэрэгжүүлэх, мөн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна иргэдийн ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг уулзалтаар онцлов.

“ХУРДАН” цэгийн үйлчилгээний ажилтнууд төрийн үйлчилгээг хүргэхээс гадна, цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх талаар заавар, зөвлөмжийг иргэдэд өгдөг. Ингэснээр дээрх агентлаг байгуулагдсан цагаас буюу энэ оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд E-Mongolia аппликейшныг хэрэглэгчийн тоо 300 мянгаар нэмэгдсэн гэсэн судалгаа байна.

Одоогоор “ХУРДАН” цэг нь 39 байгууллагын 461 үйлчилгээг хүргэж байгаа бол ирэх онд 56 байгууллагын 785 үйлчилгээ болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа талаар ТЦҮЗГ-ын удирдагууд танилцууллаа.

Ийнхүү өнөөдрийн уулзалтад оролцогчид холбогдох байнгын хороонд санал хүргүүлж, улмаар дүгнэлт гарган сумд, хороодод “ХУРДАН” цэгийг хэрхэн байгуулах талаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.

May be an image of 1 person